Чикаго хотноо зохион байгуулагдсан 2015 оны баяр наадмын хүчит бөхийн барилдааны тойм 1

ndm1

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойд зориулан АНУ-ын Илинойс мужид ажиллаж амьдарч буй Монголчуудын баяр наадам 2015 оны 7 сарын 12-ны өдөр Чикаго хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Аймгийн заан Ч.Мөнхбаяр тэргүүтэй аймаг, сумын цол болон спортын зэрэг, цолтой бөх, спортын зэрэгтэй 8 бөх, нийт хүчит 64 бөх зодоглон хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, уран мэхийг уралдуулан барилдсан байна. Үүнд:

1. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Аймгийн заан Ч.Мөнхбаяр
2. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат Сумын заан Ш.Энхжавхлан
3. Төв аймгийн Заамар сумын харьяат Сумын заан Д.Баасанбат
4. Хөвсгөл аймгийн Рэнчинлүмбэ сумын харьяат Сумын заан Д.Цогбадрах
5. Өвөрхангай аймгийн Сумын начин П.Тогтуун
6. Ховд аймгийн Мөст сумын харъяат ОУХМ С.Батгал
7. Чөлөөт бөхийн ОУХМ Х.Ундрахбаяр
8. Төв аймгийн харьяат Жудо бөхийн ОУХМ н.Сандагдорж

Бөхийн барилдаан Үндэсний бөхийн дүрмийн дагуу 1, 2-ын даваа оноолтоор удаах даваанууд цолны эрэмбээр ам угтуул авч барилдан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Аймгийн заан, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Ч.Мөнхбаяр, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат Сумын заан, Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер Шовгорын Энхжавхлан, Өвөрхангай аймгийн харьяат Сумын начин П.Тогтуун, Чөлөөт бөхийн ОУХМ Х.Ундрахбаяр нар шөвгийн дөрөвт шалгарсан.

5-ын даваанд Аймгийн заан Ч.Мөнхбаяр Сумын начин П.Тогтууныг амлан, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат Сумын заан Ш.Энхжавхлан, Чөлөөт бөхийн ОУХМ Х.Ундрахбаяртай тунан барилдаж Аймгийн заан Ч.Мөнхбаяр, Чөлөөт бөхийн ОУХМ Х.Ундрахбаяр нар үзүүр түрүүнд шалгарсан байна.

Үзүүр, түрүүнд шалгарсан хоёр бөхөөс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Аймгийн заан, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Ч.Мөнхбаяр төвөггүйхэн давснаар 6 даван АНУ-ын Чикаго хотын Монголчуудын баяр наадамд 2 дахь удаагаа түрүү магнайгаар шалгарсан бол Чөлөөт бөхийн ОУХМ Х.Ундрахбаяр энэхүү наадамд анх удаагаа үзүүрлэсэн байна. Дашрамд дурдахад түрүүлсэн бөх Аймгийн заан Ч.Мөнхбаяр нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Улсын начин Чулуундаваагийн хүү юм.

Бөхийн барилдааны хөлийн цэцээр Увс аймгийн харьяат улсын начин А.Эрхэмбаяр, гарын даагаар Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Сумын заан А.Амарбаяр, бөхийн засуулаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Сумын заан С.Баяржаргал, засуулч Бат-Очир, цоллоочоор Жаргалсайхан, Тамираа, бөхийн тайлбарлагчаар Д. Бишүүгарам нар тус тус ажиллав.

2015 оны бөхийн барилдааны онцлог нь Буриад, Киркиз, Америк залуус болон олон залуу бөх барилдаж аймаг сумын цолтой бөхчүүдтэй эн тэнцүү хүч үзэн барилдаж, бөхийн барилдаан, баяр наадмыг улам сонирхолтой болгож байсан бөгөөд зохион байгуулагчдын зүгээс өмнөх жилээс эхлэн даваа бүрийг үнэлэн урамшуулах болсон нь залуусын барилдах идэвхи санаачилгыг өрнүүлсэн явдал гэж дүгнэж болох юм.

Тайлан гаргасан:

Гарын даа А.АМАРБАЯР


Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *


One thought on “Чикаго хотноо зохион байгуулагдсан 2015 оны баяр наадмын хүчит бөхийн барилдааны тойм